Ангилал: Шүлэг
Мөнгө амьдрал хэмээх шал дэмий зүйлсийг таг мартан
Мөнгөн сарны хорвоод дурлалд мансуурч
Хайрын мананд зүрхээ тушаагаад
Хан хорвоогийн жаргалаас амталж нэг үзье
Үгүйлж баршгүй сайхан нүдтэй ханхүүгийн
Үлгэрийн юм шиг зөөлөн харцанд живчихээд
Урсгалд нь аяар аяар бүүвэйлэгдэн
Уудам орчлонг мартаж орхие
Орд харш олбог дэвгэрээр ч яахав
Орчлонд ирэхэд минь тосоод авсан дэлхий байсаар байхад
Оюу номин тэнгэр эцэг хайраар шагнасан хойно
Олзуурхан чамдаа эрхлээд авъя